• Танилцуулга

  • --

  • Сумын тухай

Сумын нутаг дэвсгэрийн байршил газарзүйн ерөнхий онлцлог

 

Баруунтуруун сумын нутаг нь аймгийн зүүн хэсэгт хойд талаараа ОХУ-тай, Зүүн талаараа Завхан аймаг, Зүүнхангай сумтай, зүүн урд ба урд талаараа Өндөрхангай, Цагаанхайрхан сумдтай, баруун ба баруун хойд талаараа Зүүнговь, Хяргас сумуудтай тус тус хиллэдэг. Нийт нутаг дэвсгэр 329,2 мянган га талбайг эзлэх бөгөөд энэ нь аймгийн нийт нутгийн 4,7 хувьтай тэнцэнэ. Сумын нийт нутгийн 278,3 мянган га буюу 54,1  хувийг ХАА-н эдэлбэр газар, 7,6 мянган га талбайг ойн фонд, 2520 га усны фондын талбай 625 га хот суурингийн талбай эзэлнэ.

            Сумын төвөөс хамгийн алслагдсан цэг Нисэхийн уул хүртэл 105 км, Баруунтуруунаас Улаанбааатар хүртэл 1150 км, аймгийн төв 188 км ба Хяргас нууран дахь Хар Тэрмэсийн амралт хүртэл 140 км болно. Баруун, Зүүнтуруун, Хангилцагын голын хуурай сав газрын адгийн сайн чанарын хөрстэй тэгшхэн талд тариа будаа, малын тэжээлийн төрөл бүрийн ургамал тариалах эргэлтийн  42,3 мянган га талбай, согоовор, бэд, ерхөг зэргийн сайн чанарын 2,0 мянган тонн байгалын хадлан бэлтгэдэг. 1643 га хадлангийн талбай, хөрсжсөн элсэн бөөрөг, хангайн уулархаг нутагт борог, шаваг, шарилж, хээ өвс голлосон 229,6 мянган га малын бэлчээрийн нутагтайн гадна Алтан элсний бөөрөг нь Сахарын гол лугаа хув хуурай говь цөл юм. Ууланд хар мод, гачуур, бургаас, улиас ургахаас гадна жимс, жимсгэнэ эмийн ургамал ургана.        

Ой мод, байгалийн үзэсгэлэнт Тост, Уянга, Хярсны булаг, хөрш зэргэлдээ Өндөрхангай сумын Алтан бургас, Буштаг, Хорин бугат зэрэг газруудтай. Тус сумын Алтан элсний баруун хойт хэсгийн орчоос газар дотроос элсэн дотроос шууд эх авсан Зүүн Баруун Нарийны гол урсаж Увс нуурт цутгадаг. Энэ голын эхэнд элснээс бургас хус мод ургасан байна. Мөн Нарийны голоос цааш 20 км хүрэхгүй газар элсний хойт захад Дөрөө нуур оршино. Дөрөө нуур тунгалаг цэвэр устай, Цурхай зэрэг хүнсний зориулалтын загастай, Дөрөө нуур руу элснээс эх авсан булаг шандуудтай. Нуурын урьд хэсэг. Хар мод, бургас, улиас зэрэг ойгоор бүрхсэн өвөрмөц онцлог газартай. Алтан элсний зүүн хэсэгт элс багасах орчинд элсэндээ хар мод ургаж тогтсон өвөрмөц газар бий. Түүнийг хар модны сүв гэх бөгөөд түүгээр Алтан элсний дархан цаазат газрын зүүн талаас машинаар очих боломжтой болно. Хар модон сүвээс зүүн зүгт 30 км орчимд Монгол улсын Булнайн нуруунаас эх авсан Тэсийн гол 10 гаруй км тус сумын нутгаар урсаж Оросын Холбооны Тува улсын  Эрзин районы нутаг руу ордог, энэ хэсэгт голын шугуй хүн, мал явахад бэрхшээлтэй, битүү шугуй өвөрмөц тогтоцтой газрууд бий. Орос Монголын хилийн Монголын талд “Нисэх” хэмээх Алтайн уулсыг санагдуулсан эгц өндөр хадтай нүцгэн улаан уул бий. Энэ нь ой модгүй, Говийн өвөрмөц тогтоцыг илтгэх уулсны жишээ. Ийнхүү тус сумын нутаг нь Говь, тал хээр, хангай, алтайн өндөр улархаг хэсгийн аль алины нь шинжийг хадгалж тогтоосон нуур, гол, булаг шандаар элбэг нутагтай сум юм. Тост, Хярсын булаг, Уянга, Хар цагаан усны эх орчим нь өвөрмөц сонин тогтоц бүхий хад агуй, шинэс, хус бургас зэрэг навчит ба шилмүүст ойтой.

Дээрх уул газруудад, Буга согоо, гөрөөс чоно үнэг, гахай, дорго, модондоо жирх, солонго, хэрэм зэрэг ан амьтантай. Мөн өмхий хүрэн, цагаан үен, нохой зээх, мануул, чандага, бор туулай, зурам, тарвагатай. Ой мод уул хадандаа үхрийн нүд, хад улаалзгана, гүзээлзгэнэ, тошлой, самар зэрэг жимс, сонгино, таана хөмөл, шодны төмс, төрөл бүрийн мөөг зэрэг хүнсний ургамалтай.

Тус сумын нутагт хээрийн галуу, ангир, зэрлэг нугас, явлаг сар, тас, сохор элээ, хээрийн цагаан, элэгт бор, бүргэд, идлэг шонхор, хур, хөтүү, ердийн сойр, хархираа тогоруу, тоодог, хавтаалж /зуун хурга/ цахлай, ногтруу, хөхвөр, тагтаа, хөхөө, өвөөлж, ууль, шар шувуу, эргүү бор, тоншуул, болжмор, хээрийн хараацай, адууч цогчоохой, шаазгай, алагтуу, турлиах, хон хэрээ, улаан хушуут, зэрэг шувууд бий.

Эмийн болон хүнсний чиглэлийн өвс ургамал арвин баялаг. Азийн төлөгч өвс, агь, эмийн багваахай, гурмасан ажиг, нарийн навчит хаван, нугын шимтгэлээ, их таван салаа, багийн тарана, үхэр мэхээр, галуун гичгээр, эмийн сод, хар нэрс, хээрийн сэдэргэнэ, долгион бишүүн, хурган чих, далан түрүү, мөлхөө хиаг, хурган мэхээр, цэнхэр инжбуурал, сибирийн зүрхэн цэцэг, мөлхөө ганга, алтан хундага, морин зээрэгнэ, эмийн алтан говь, ажиг цэрэн, сөд зэрэг ургамалтай уул тал хээр элбэг тохиолдоно.

Ус гол нуур

Ханхөхийн нурууны араас эх авсан Турууны түргэн урсгалт гол, Баруун Хангилцагийн даваанаас эх авсан Хангилцагийн гол, Зүүнтуруун, Их бага Хужирт, Хярсын булаг, Урьд хойт Хөх гол, Баян-Айраг Хавчиг, Хөв, Хар цагаан ус зэрэг горхи, булаг шандтай. Зүүн Баруун Нарийны гол элснээс эхтэй. Дөрөө нуур, Услалтын системийн 8 сая м3 багтаамжтай хиймэл нууртай. Алдарт Тэсийн гол нутгийн зүүн хэсэг Нисэхийн булангаар 10 гаруй км урсаж Тува улсруу ордог. Яргайт, Хужирт, Билүү, Могойн гол зэрэг булаг шандтай.

Дэлгэрэнгүй

Санал асуулга

Та засаг даргын ажлийг үнэлнэ үү?

Үр дүнг харуулах

Вэб холбоос бусад